Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн(RTI)-ийн хамтарсан “Гэмт хэргийн цагаан номын үр дүнг эрүүгийн бодлого тодорхойлоход ашиглах нь: Монгол Улс ба Япон Улс” сэдэвт эрдэм шинжилгээний семинар амжилттай боллоо.

  • 2024-09-09
  • Б.Бат-Эрдэнэ
  • 69

 

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн(RTI) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хуульчдын танхимд “Гэмт хэргийн цагаан номын үр дүнг эрүүгийн бодлого тодорхойлоход ашиглах нь: Монгол Улс ба Япон Улс” сэдвээр эрдэм шинжилгээний хамтарсан семинар зохион байгууллаа.

Семинарыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль  зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах (Dr.jur), Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Рёота Татэмото нар үг хэлэв. Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Кэйсүкэ Гото “Гэмт хэргийн цагаан номын үр дүнг эрүүгийн бодлого тодорхойлоход ашиглах нь: Япон Улс”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргал “Монгол Улсын төрийн эрүүгийн бодлогыг тодорхойлоход гэмт хэргийн цагаан номын ач холбогдол, цаашдын чиг хандлага”, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс, чиг үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Японы талаас Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Рэй Шимажири, МУИС-ийн ХЗС-ийн багш, Кюүшүгийн их сургуулийн докторант С.Батбаяр, Монголын талаас УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, хуульч, хууль зүйн ухааны доктор, хурандаа Р.Оюунбадам, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын судлаач Г.Оюунболд болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагын эрдэмтэн багш, судлаач, мэргэжилтнүүд уг семинарт оролцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Семинарын чиглүүлэгчээр ХЗҮХ-ийн Хүний эрх, олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Б.Энх-Амгалан, орчуулагчаар хуульч Б.Лхагважаргал нар ажилласан.

Энэхүү эрдэм шинжилгээний семинар нь Талуудын  хооронд 2021 онд байгуулагдсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийж буй 5 дахь удаагийн семинар бөгөөд оролцогч байгууллагын тоо, цар хүрээ тэлж, семинарын үр өгөөж, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Хамтарч зохион байгуулсан 5 удаагийн эрдэм шинжилгээний семинарын илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж, олны хүртээл болгохоор ажиллаж байна.