ХЗДХ-ИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2025-11-19
- Б.Бат-Эрдэнэ
- 36
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил V уралдааныг зохион байгуулж байна. Үүнээс “Шилдэг бүтээл”-ийн уралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яам, “Шилдэг илтгэл”-ийн уралдааныг Дотоод хэргийн их сургууль, “Шилдэг төсөл”-ийн уралдааныг Хууль зүйн үндэсний хүрээлэн тус тус хариуцан зохион байгуулж байна.
Энэ жилийн шилдэг төслийн грантын уралдаанд 40 орчим бүтээл ирүүлжээ. Үүнээс шалгарсан 27 төслийг II шатанд хэлэлцүүлж байна. “Шилдэг төсөл”-ийн уралдаан нь гурван төрлөөр явагддаг бөгөөд суурь судалгааны, хавсарга судалгааны, инновацын гэсэн төрлөөр зохион байгуулагддаг. Эдгээр төрөл тус бүрд нэг төслийг шалгаруулж, Шинжлэх ухааны ажилтны баярын өдрөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд шагнал гардуулах юм.
Уралдааныг хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцож, шүүгчээр ажиллалаа. Шилдэг төслийн уралдаан нь хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалт, инновац, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, шинэ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготойгоор зохион байгуулдаг. Энэхүү уралдаанаас шалгарсан шилдэг бүтээл, төсөл, илтгэлүүдийг энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагнал хүртэх юм.


