ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
- 2026-02-28
- Б.Бат-Эрдэнэ
- 20
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн мэдээлснээр 2025 оны байдлаар тус шүүх нийт 51,038 нэхэмжлэл, хэргийг хүлээн авч, 28,611 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 9,978 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2,684 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Харин 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8,412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3,376 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд 3,065 хэргийг хэрэгсэхгүй болгож, 253 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Одоогийн байдлаар нийт 21,116 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Мөн тус шүүх нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 15,840,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах иргэний хэргийг шийдвэрлэдэг бөгөөд 2025.04.01-ний өдөр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг болгосноор нэг шүүгчид ногдох хэргийн тоо дундажаар 2.5 дахин өсчээ. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх үед нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол уг хэмжээ 792,000 төгрөг болж нэмэгдсэнээр, 1456 хэрэгт хүрч, нэг улиралд нэг шүүгчид ногдох хэргийн тоо үлэмж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь шүүхийн ачаалал өндөр түвшинд байгааг илтгэж байна. Гэвч Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон нь цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутам нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэж, тус шүүхийн ачаалал улам ихсэх эрсдэл үүсч, улмаар иргэд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, шүүхийн үйлчилгээ шуурхай авч, зөрчигдсөн эрхээ сэргээлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөхөд хүрч байна.

Энэхүү эрсдлээс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагын хүрээнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн хувьд 15,840,000 төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Мөн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт 1 нийцэхгүй зарим хэргийн харьяаллыг шинээр боловсруулсан хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр
зүйлийн 754.1 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч …” гэж заасан боловч тус шуудангаар хүргүүлэх үйл ажиллагаа нь үр нөлөө багатай байна. Тодруулбал, Монгол шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд жилд 300 сая орчим төгрөгийн зардал гарч байгаа боловч 85 орчим хувьд нь мэдэгдэх хуудас хүргүүлэх байдал амжилтгүй болж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд бэрхшээл учруулж байгаа юм.

Мөн нийт хэрэг маргааны 80 хувь нь зээлийн гэрээтэй холбоотой буюу “Цахим зээл”-тэй холбоотой нэхэмжлэл байдаг байна. Тодруулбал цахим зээлийн гэрээ хийхэд хариуцагч буюу зээлдэгчид мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийг хүргүүлэхэд бодит хүндрэл үүсдэг, зээлдэгч гэрээ байгуулахдаа нэг л хаяг бүртгүүлдэг боловч тухайн хаяг дээр тогтмол оршин суудаггүй, хаяг тодорхойгүй зэргээс шалтгаалан шүүхийн мэдэгдэх ажиллагаа удааширч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах, зарим тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэж байна. Иймд иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч шүүхэд ирээгүй бол мэдэгдэх хуудсыг мэдэгдсэн талаар олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалтыг бий болгох, цахим зээл олгоход хаягийн баталгаажуулалтыг сайжруулахад чиглэсэн холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Иймд батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангаж, цаг алдалгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцоллоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Давж заалдах шатны шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагын төлөөлөл, иргэд, бизнес эрхлэгч нар оролцов.