ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
- 2026-05-08
- Б.Бат-Эрдэнэ
- 25
Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллага (ОУЭЗХБ) хооронд Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” II шатны төслийн хэрэгжилтийн талаархи Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд болон Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л. Уянга болон бусад албаны хүмүүс оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн төслийн хүрээнд гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгэл зүйн гэмтэлд суурилсан хууль зүйн туслалцааны сургалт зохион байгуулах, орон нутаг дахь эрх зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү хэлсэн үгэндээ “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нь хүний эрх, шударга ёс, тогтвортой хөгжлийн чухал асуудал бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна” гэдгийг онцоллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь 2030 он хүртэл хэрэгжих бөгөөд төслийн үр дүнг тогтвортой хадгалах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой юм



