Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг авах хориг арга хэмжээг баталлаа

  • 2021-01-15
  • Ц.Энхжин
  • 1,402

2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Европын зөвлөлөөс анх удаа дэлхийн хэмжээнд хүний ​​эрхийн ноцтой зөрчлийн эсрэг авах хориг арга хэмжээний тухай тогтоол, журмыг баталжээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд хүний эрхийн ноцтой зөрчил хаана учирснаас үл хамааран түүнд оролцсон, хамтран ажилласан бүхий л хувь хүн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус оролцогчдийг хамарна.

Энэ арга хэмжээгээр хүний эрхийг ноцтой зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европт зорчих эрхийг хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг царцаах үр дагавартай. Түүнчлэн Европын холбооны иргэд, хуулийн этгээд Европын холбооноос гаргасан жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдэд, төрийн болон төрийн бус бусад оролцогчдод шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно.

Хүний ​​эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээг дараах тохиолдолд авна. Үүнд: (а) Геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг, (б) Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, (в) Хүний ​​эрхийг ноцтой зөрчсөн бусад зөрчлүүд (эрүүдэн шүүх, боолчлох, шүүхээс гадуур дур мэдэн цаазаар авах, дур мэдэн баривчлах, цагдан хорих г.м). Үүнээс гадна хүний эрхийн бусад ноцтой зөрчил гэдэгт өргөн цар хүрээ бүхий зохион байгуулалтын шинжтэй зөрчил эсхүл Европын холбооны олон улсын гэрээний 21-р зүйлд заасан гадаад бодлого, аюулгүй байдлын нийтлэг зорилтуудын хувьд ноцтойд тооцогдох зөрчил, тохиолдлуудыг ойлгоно.

Хориг арга хэмжээний жагсаалтыг тогтоох, хянан үзэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Европын холбооны Гишүүн улс болон Европын холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн саналыг үндэслэн Европын зөвлөл шийдвэрлэхээр тусгажээ.

Хүний ​​эрхийн зөрчлийн эсрэг авах хориг арга хэмжээний тухай шийдвэрт хүний эрхийг дэмжих, хамгаалах явдал нь Европын холбооны гадаад үйл ажиллагааны эн тэргүүнд эрхэмлэх тулгын чулуу хэвээр байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь Европын холбоо хүний ​​эрхийн зөрчил, хүчирхийллийн эсрэг анхаарлаа хандуулж буйн илрэл болохыг онцлон тэмдэглэсэн байна[1].

Link (pdf): Европын холбооны зөвлөлийн “Хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийн эсрэг авах хориг арга хэмжээ” албан бус орчуулга

Link(https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=OJ:L:2020:410I:TOC):

Албан ёсны шийдвэртэй танилцах

[1] https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2020/12/07/eu-adopts-a-global-human-rights-sanctions-regime/#