Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг 21 аймагт амжилттай зохион байгууллаа

  • 2021-11-11
  • Г.Дэлгэрбаяр
  • 500

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаар Хууль зүйн үндэсний хүрээлэн ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрийн 3.2.6-д  “төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах байсан” гэж заасны дагуу хүрээлэнгээс 2018 оноос эхлэн иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.  Энэхүү хөтөлбөрт заасны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 11 сарын 2-ноос 3-ны өдрүүдэд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг Өлгий хотод амжилттай зохион байгууллаа. Баян-Өлгий аймгийн хувьд эрх зүйн хөтөч бэлтгэх үндсэн сургалт зохион байгуулж байгаа сүүлийн аймаг болж буйгаараа онцлог бөгөөд сургалтыг орон нутагт нь танхимын хэлбэрээр зохион байгуулсан болно.

Хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга В.Энхтамир, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Хуульч Б.Эрдэнэбилэг, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, сургагч багш Цэцгээ нар сургалтад хичээл заав.

 

Сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан иргэдэд  гэрчилгээ гардуулсан.

Ийнхүү 2018 онд батлагдсан хөтөлбөрийн нэг томоохон зорилт болох үндэсний хэмжээний эрх зүйн биет хөтчийн тогтолцоо бий болгох ажлыг амжилттай зохион байгуулж, 30 удаагийн сургалтаар нийт 1650 гаруй иргэнийг эрх зүйн хөтчөөр бэлтгэлээ.