Чатбот үйлчилгээгээр дамжуулан цагдаагийн байгууллагад “хүчирхийллийг мэдээлэх” боломжтой боллоо
- 2021-12-08
- Ц.Энхжин
- 1,870
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Азийн Хөгжлийн Банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өөрийн эрхлэн явуулж буй www.e-khutuch.mn цахим хуудас болон “Эрх зүйн хөтөч” фэйсбүүк хуудасны мессенжэр хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болон бусад чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот үйлчилгээг суурилуулан зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа билээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чатбот нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хандах байгууллагын талаар мэдээлэл өгөх, холбон зуучлах зорилготой юм.
Энэхүү чатбот үйлчилгээнд гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгөх “Хүчирхийллийг мэдээлэх” гэсэн шинэ суваг нэвтрүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг амаар, бичгээр, цахимаар өгч болно гэж заасан байдаг. Иргэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг амаар, бичгээр өгөх төдийгүй цахим үйлчилгээ болох чатбот үйлчилгээгээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх боломжтой боллоо.
Таны гэр бүлийн хүчирхийллийн талаар өгсөн мэдээлэл нууцлалтай байна.