ӨМГӨӨЛӨГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

  • 2022-08-05
  • Э.Цэрэндүзээ
  • 407
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/172, 08 дугаар сарын 01-ний өдрийн А/182 тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 73 өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Жадамба удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Ж.Батзоригт, Л.Баасанжав, С.Цацралтуяа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар зочноор оролцож, шинэ өмгөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.
Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн Холбоо” гэх/-нд гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2022 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульчдын гишүүнээр элсэх хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан хуульчдыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэн гишүүнээр элсүүлж, эхний ээлжийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг олгосоор байгаа билээ.
Шинээр гишүүнээр элссэн нийт өмгөөлөгч нартаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.