Азийн байгаль орчин, цаг уурын конвенцын хууль эрх зүйн чиг хандлага, зорилт сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

  • 2022-08-16
  • Ц.Энхжин
  • 1,051

Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүйн төв, БНСУ-ын Күкмин Их сургуулийн Хойд Солонгосын эрх зүйн судалгааны төвтэй хамтран “Азийн байгаль орчин, цаг уурын конвенцын хууль эрх зүйн чиг хандлага, зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах тус хурлыг нээж хэлсэн үгэндээ “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах  эрсдэл, үр дагавар нь улс бүрд харилцан адилгүй байдаг гэдгийг дурьдаад Монгол Улсын нэгдсэн орсон “Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдох олон улсын конвенц”-той уялдуулан эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа цаг үетэй давхцаж байгаа нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна” гэж хурлын ач холбогдлыг дүгнэв.

Мөн “Солонгосын нэгдэл болон Хойд Солонгосын эрх зүйн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч,  Күкмийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, Пак Жон Вон эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний нийтлэг асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд цэцэн оюун ухаанаа уралдуулж байгаа чухал үед өнөөдрийн хурал нь Монгол, Солонгос улс хамтран хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд ихээхэн тус болно” хэмээн онцлов.

Тус эрдэм шинжилгээний хуралд Солонгосын талаас Күкмин Их Сургуулийн Хойд солонгосын эрх зүйн судалгааны төвийн судлаач Ким Санг Ху “Солонгосын байгаль орчин, цаг уурын конвенцын хууль эрх зүйн чиг хандлага, зорилт” сэдвээр,

Күкмин Их сургуулийн Хойд Солонгосын хууль зүйн судалгааны төвийн судлаач Юү Пёнг Вон “Уур амьсгалын конвенцтой холбоотой Хойд Солонгосын байгаль орчны хууль эрх зүйн чиг хандлага, зорилт” сэдвээр,

Монголын талаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор /PhD/ Э.Саранцэцэг “Монгол Улсын Байгаль орчин, цаг уурын конвенцын хууль эрх зүйн чиг хандлага, зорилт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж хуралд оролцогчдын  сонирхсон асуултад хариулт өгөв.