2019-12-07 03:36
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЗАР СУРТАЛЧИЛГАА БА ГЭМ ХОР

Судалгааны товч

Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн бүр чөлөөтэй аж ахуй эрхлэн явуулах боломжтой болж зар сурталчилгааны харилцаа хөгжсөн. Үүнийг зар сурталчилгаа болон бусад мэдээллийг хүлээн авах боломж бололцоо үлэмж нэмэгдсэн тэр хэрээр зар сурталчилгааны төрөл олширсон зэргээс харж болно. Жишээ нь: 200 онд “Максима” Мониторингийн төвийн хийсэн судалгаанаас үзэхэд телевизийн нийт сурталчилгааны 5 хувийг эм, хүнс, банк, санхүү, дэлгүүр, худалдаа, холбоо харилцаа, ахуйн цэвэрлэгээний сурталчилгаа эзэлдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн түүнчлэн түгээх хэлбэр нь өдөр ирэх тусам боловсронгуй, хялбар болж байгаа нь мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой гэж үзэж болох ч нөгөө талаар сөрөг үр дагавартай байгаа нь анхаарал татах зүйлийн нэг юм.

Зар сурталчилгааг хууль бус талаас нь зөвхөн архи, тамхийг сурталчилах төдийхнөөр ойлгох нь учир дутагдалтай бөгөөд нийгмийн амьдралын хөгжлийг дагаад хууль бус зар сурталчилгааг өргөн хүрээнд ойлгох шаардлагатай. Зар сурталчилгааны эрх зүйн орчны талаарх байгууллага, иргэдийн мэдлэг муу байгаагаас хууль бус зар сурталчилгааг түгээх, бүтээх үйл ажиллагаа нь хяналтгүй байгаа төдийгүй хуулийн хэрэгжилт, хариуцлагын үр нөлөө сул байгаа нь аливаа гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөл болжээ.
Энэ нь хууль тогтоомжийн сурталчилгаа бага, энэ талаар хийсэн нэг сэдэвт судалгаа байхгүй зэргээс шалтгаалж байна гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, хуулиар хориглосон зар тэр дундаа ТВ чат зэрэг нь хэдийгээр шинэ боловч зохицуулж болох харилцаа бөгөөд энэ талаар хийсэн дорвитой ажил /хуулийг сурталчлах, хамтын ажиллагаа гэх мэт/ байхгүй байгаа нь нийгэмд “зохицуулалтгүй”, “хяналтгүй” гэх хандлагыг үүсгэсэн нь тодорхой.
Мөн “Зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүн бүрэн хариуцна” гэсэн Зар сурталчилгааны тухай хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн “гэрээний нөхцөл” хуулиас илүү хүчин чадалтай үйлчилдэг “гаж” үзэгдэл газар авчээ. Энэхүү тодорхой нөхцөл байдал нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сурталчлах, хууль бус зар сурталчилгааг хамтын ажиллагааны үндсэн дээр таслан зогсоох хэрэгцээг бий болгосон.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 76

Төрөл: Бодлогын судалгаа, Иргэний эрх зүй, Хувийн эрх зүй