Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга зам-сайн туршлага

  • 2013-06-20
  • Ц.Энхжин
  • 3,086

Судалгааны товч

Дэлхийн банкны судалгаагаар авлига жил бүр 1 триллион доллараар хэмжигддэг бөгөөд аль ч оронд зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай нийгмийн сөрөг үзэгдэлд тооцогдож байна. Дэлхийн улс үндэстнүүдийн түүх, хэл соёл, зан заншил, эрх зүйн хэм хэмжээ өөр хоорондоо харилцан адилгүй учраас авлигатай тэмцэх талаар дэлхий нийтийн нэгдсэн нэг загвар гарган авахад хүндрэлтэй бөгөөд улс орнууд энэхүү авлига хэмээх үзэгдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнтэй тэмцэх арга замыг өөрийн улсад хэрэгжүүлж байдаг.
Авлига гэж юу вэ? Авлигыг янз бүрээр тодорхойлохоос гадна авлигын тодорхой гэмт үйлдлүүд болох хээл хахууль авах өгөх, эрх мэдлээ урвуулах, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах зэрэг үйлдлийг улс орон бүр эрх зүйн зохицуулалтдаа өөр өөрөөр тусган хуульчилж байна. Энгийнээр тодорхойлоход авлига нь эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахыг хэлнэ1 гэсэн бол НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн шүүн таслах байгууллагын тодорхойлолтоор авилгал бол өөрт болон бусдад зүй бус давуу эрх олгохын тулд албан үүргээ хэрэгжүүлж байгаа нийтийн болон хувийн албан хаагчид аливаа дүрэм, журам, стандартаа зөрчихийг ятган өглөг барьц өгөх болон бусад үйлдэл хийх явдал юм. Тэгвэл Source Book-ийн хүрээнд авлигыг тодорхойлохдоо төрийн албан тушаалтан (улс төрчид, эсвэл төрийн албан хаагчид) албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар хувьдаа эсвэл ойр дотны хүмүүстээ ашиг хонжоо олохыг хэлнэ2 гэсэн байдаг. Академик түвшинд мөн авлигын талаар олон янзын тодорхойлолтууд байдаг. Тухайлбал, ЛаФрее болон Моррис нар “Нийтийн албан тушаалтан өөртөө болон гуравдагч этгээдэд шударга ёсоор олдох боломжгүй баялаг, нөөц болон бусад давуу байдлыг олгох үүднээс албан ёсны хууль тогтоомж /эрх зүй/ эсхүл хэм хэмжээг зөрчиж байгаа хууль бус үйлдэл” гэж тодорхойлсон байдаг бол авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Германд төвтэй Транспаренси Интернашионал3 байгууллага авилгалыг бусдаас арай богиноор “авилгал бол нийтийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглах ” гэжээ.
Харин авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь улс орнуудын хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдөх түгээмэл механизм байх боломжтой. Иймд НҮБ болон бусад Европын Холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагууд авлигатай тэмцэх талаар дэлхийн улсууд нэгдмэл жишиг стандартыг тогтоож олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн ажиллахыг уриалсаар байгаа. Ингэж олон улсын болон улс үндэстний зүгээс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй урд өмнөхөөс илүүтэйгээр тэмцэж байгаа ч коррупци өсөн нэмэгдсээр байгаа нь улс орны ядууралтай ч холбоотой юм. Жишээлбэл, БНХАУ-ын үндэсний хянан шалгах товчооны нэгэн тайланд дурдсанаар ядууралтай тэмцэхэд зориулсан төсвийн хөрөнгийн 1/5-ийг авлига идэж байна гэжээ.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 68