“Галт зэвсгийн зохицуулалтын сайн туршлага” лавлагаа

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 2,810

Судалгааны товч

Галт зэвсэг түүний хяналт, холбогдох бусад харилцаа ялангуяа түүний хяналтын эсрэг гэмт хэрэг зэрэг олон асуудал манай улсад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд анхаарлын төвд байдаг асуудлын нэг юм. Дэлхийн улс орнуудын дунд галт зэвсгийн хэрэглээ, түүнийг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын сул буюу чөлөөт байдлаараа тэргүүлэгч орны нэг болох АНУ 311 гаруй сая хүн амтай бөгөөд одоогоор 270-300 сая галт зэвсэг иргэдийн гар дээр байдаг бөгөөд 2006 – 2011 оны хооронд 56439 хүн галт зэвсгийн улмаас амь насаа алдсан нь бусад гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тооноос хоёр дахин их байгаагаас гадна жилдээ дунджаар 30 гаруй мянган хүн галт зэвсгийн улмаас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь тус улсын галт зэвсгийн бодлого, хуультай холбоотой дэлхий нийтийн шүүмжлэлийн эх үүсвэр нь болоод байгаа билээ.
Монгол улсад ч галт зэвсэг, түүний эргэлттэй холбогдох харилцаанд гарч буй зөрчил, гэмт хэрэг жилээс жилд өсөн нэмэгдэж энэ хүрээний эрх зүйн асуудлын шинэтгэл 2011 оноос эхлэн эрчимтэй яригдсаар ирсэн.

Тухайлбал, Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал нилээд хэдэн жилийн өмнөөс хуульчид, судлаачдын анхаарлыг татаж түүнчлэн 2011 онд УИХ-д энэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан байна. Ер нь манай улсад галт зэвсгийн тоо хэмжээ ихэсэж, галт зэвсгийг шинээр худалдан авч өмчлөх, эзэмших болон ашиглах явдал нэмэгдэхийн хирээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байна. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 40000 гаруй галт зэвсэг бүртгэлтэй3 байгаагаас зориулалт нь ан агнуурын чиглэлд 90-ээд хувь нь ашиглагддаг бол бусад нь харуул хамгаалалтын, спорт сургалтын, үзмэр урлагийн болон цуглуулгын гэсэн зориулалтаар хэрэглэгддэг.

Хэдийгээр Монгол улсад галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтан дор хуулиар эрх олгогдсон этгээд өмчлөн эзэмшиж, ашиглаж байгаа ч хуулийн гадуур галт зэвсгийг эзэмших, худалдах болон худалдан авах үйл ажиллагаа явагдаж үүнтэй холбоотойгоор галт зэвсгийн хяналт алдагдсан хэрэг зөрчил, галт зэвсэг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо өссөөр байгааг дурдах нь зүйтэй. Дэлхийн хэмжээнд галт зэвсэг хяналтаа нэгэнт алдаж, галт зэвсгийн хууль бус наймаа, хилээр хууль бус нэвтрүүлэх, түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой үйлдэгдэх зэрэг үндэстэн зохион байгуулалттай гэмт хэргийн төрөл болж түүнчлэн галт зэвсгийн улмаас жилд хагас сая хүн, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдах, эрэмдэг зэрэмдэг болох зэрэг эмгэнэлт байдал гарсаар байна.

Монгол Улсад цагдаагийн байгууллагын зүгээс галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээлэл судалгааг гаргах, эрэн сурвалжлагдаж байгаа болон алдагдсан галт зэвсгийн тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хэдий ч тэдний ажлын үр дүн иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй байна.Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Галт зэвсгийн тухай хуулийг “хоцрогдсон” гэж үзэх өөрөөр хэлбэл технологийн шинэчлэл, даяарчлал, дэлхий нийтийн чиг хандлагад тулгуурласан шинэ хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага байна гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Энэхүү судалгааг Монгол улсын галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, түүний учир дутагдал, түүнчлэн АНУ, Австрали, Канад зэрэг улс орнуудын эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн сайн туршлагыг судлах үүднээс харьцуулан судлах арга зүйг ашиглан судалгааны бие даасан байдлаар багаар хамтран гүйцэтгэлээ.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 53