“Донтох өвчнөөр өвчлөгсдөд ногдуулах захиргааны арга хэмжээ” бусад орны туршлага-лавлагаа

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 1,237

Судалгааны товч

Хүн ямар нэг зүйлийг хэрэглэх, улмаар түүнээсээ хамааралт болох, өөрөөр хэлбэл донтох, донтох өвчтэй болох эсэх нь өнгөн талаасаа харахад тухай хүний эрх, эрх чөлөөний асуудал, төрөөс зохицуулалт хийх шаардлагагүй, төрд тийм эрх байхгүй асуудал мэт боловч бодит байдалдаа тухайн донтогч нь донтсон үедээ бусад дагалдах эрсдэлт зан үйлийг үйлдэж байдаг, улмаар нийгэмд болон өөртөө олон сөрөг үр дагавар учруулдаг нь анхаарах ёстой асуудал юм. Тухайлбал тухайн нэг этгээд мансуурсан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, өртөх нь ихэсдэг, мөн ХДХВ/ДОХ зэрэг өвчний тархалтын голлох шалтгаан нь донтсон үедээ бэлгийн харьцаанд орох, зүү тариур хэрэглэсэнтэй холбоотой байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар согтууруулах ундаанд донтогч нь тухайн бодисоос шалтгаалсан 60 гаруй суурь өвчинтэй болдог байна. Мөн гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн эрх ашиг, цаашилбал нийгмийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ч ямар нэг бодисоос хамаарсан донтох өвчинтэй байх нь өндөр үзүүлэлттэй байна. Тоон үзүүлэлтийн хувьд 3 сая орчим хүн амтай Монгол Улсад зөвхөн Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар гэхэд жилд дунджаар 700-750 хүртэл согтууруулах ундаанаас хамааралт донтох өвчтэй хүмүүс эмчлүүлдэг, тус төвд эмчлүүлээгүй буюу бүртгэгдээгүй согтууруулах ундаа болон бусад зүйлсээс хамаарах донтогчдыг оруулбал энэ тоо эрс нэмэгдэх нь гарцаагүй. Бусад гадаадын улсууд, тухайлбал АНУ-д насанд хүрэгчдийн 10 хувь ямар нэг бодисоос хамааралтай төдийгүй 2012 оны байдлаар 23.1 сая хүн согтууруулах ундаа болон бусад мансууруулах бодисоос хамааралтай, эмчлүүлэх шаардлагатай гэсэн судалгаа бий. Эдгээр шалтгааны улмаас донтох өвчинтэй тэмцэх, донтох өвчнөөр өвчлөгчдийг зохицуулах нь төрийн орхиж болохгүй үүрэг, нийгмийн халамжийн бодлогын нэгээхэн хэсэг байх нь зайлшгүй байна.
Дэлхий нийт донтох өвчнийг олон улсын хүрээнд тодорхойлогдсон эмчлэгдэх боломжтой өвчин гэж үзэн уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, өвчнөөр өвчлөгчдийг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж, зарим орнууд тодорхой хэмжээний амжилтад хүрээд байна.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 39