Захиргааны хариуцлагын тухай хуультай холбоотой судалгаа

  • 2004-06-21
  • Ц.Энхжин
  • 4,812

Судалгааны товч

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж онцлон заажээ.
Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль, түүнд нийцсэн эрх зүйн хэм хэмжээ нь захиргааны шийтгэл ноогдуулах гол үндэслэл мөн. Үүнийг хууль зүйн ном зохиолд захиргааны хариуцлагын хэм хэмжээний үндэс хэмээн үздэг. 1993 оныг хүртэл буюу “Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль” батлагдан гарах хүртэл Монгол Улсад захиргааны хариуцлагыг янз бүрийн хууль тогтоомж, эрх зүйн актаар захиргааны хариуцлага хүлээлгэж байсан байна. Сүүлийн үед салбар болгон өөрийн хуулиар захиргааны шийтгэл ноогдуулах нь олширсоор байна. Үүнийг дагаад захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны хүрээ нэмэгдэн тэлэх, улмаар тэдний хууль хэрэглэх ажиллагаанд тавигдах хяналтын механизм сайжрах бус, харин ч сулрах, бас захиргааны шийтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх тухай асуудал хуульч судлаачдын анхаарлын гадна байх хандлага ажиглагдаж байна.
Захиргааны хариуцлага нь төрийн эрх бүхий байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрх зүйн хэм хэмжээ зөрчсөний учир захиргааны хууль тогтоомжийн дагуу хүлээлгэдэг хууль зүйн хариуцлагын бие даасан нэг төрөл юм. Иймд юуны өмнө түүнийг хууль зүйн хариуцлагын бие даасан
төрөл болохын хувьд бусадтай нь харьцуулан авч үзэх шаардлагатай юм.
Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчилд хамаарагдаж байсан үйлдэл, эс үйлдэхүй иргэний нийгэмд илүү их хохирол учруулах болсон /зам тээврийн осол гарсан газрыг орхих, албан тушаалтны нэр барих гэх мэт/. Түүнчлэн тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд тусгахдаа хууль тогтоогчийн зүгээс нийгмийн хор аюул ихтэй байх, тэдгээрт ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх замаар тэмцэх нь зайлшгүй байх, эрүүжүүлж буй үйлдэл нь түгээмэл байх, тэдгээртэй эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр тэмцэх нь үр өгөөжтэй байх, нийгмийн хор аюул багатай үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд заахгүй байх зэргээр захиргааны эрх зүйн хэм хэмжээнд нөлөөлж байна.

Судалгаа хийсэн огноо: 2004

Хуудас: 24