Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

  • 2021-03-24
  • Ц.Энхжин
  • 5,687

Монгол Улсын Их Хурал (УИХ)-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийг 2011 онд батлан гаргасан. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба (ЖҮХАА)-ны захиалгаар судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэн энэхүү тайланг танилцуулж байна. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын зорилт нь хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход оршиж байгаа болно. ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгон ажиллалаа. Үнэлгээний аргачлалын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг тайлангийн Хавсралтаас үзнэ үү.
Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд ЖЭТБХтХ-ийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрээр үнэлгээ дүгнэлт өгөх нийт 218 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох статистик мэдээлэл, тайлан, судалгааг цуглуулж үнэлгээг хийсэн.
– Хуулийн 5 дугаар зүйлд заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого, 6 дугаар зүйлд заасан Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, 7 дугаар зүйлд заасан Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ – тайлангийн нэгдүгээр бүлэгт;
– Хуулийн 2 дугаар бүлэгт заасан Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгаа – тайлангийн хоёрдугаар бүлэгт;
– Хуулийн 3 дугаар бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт – тайлангийн гуравдугаар бүлэгт;
– Хуулийн 4 дүгээр бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, 5 дугаар бүлэгт заасан Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 6 дугаар бүлэгт заасан Бусад зүйл – тайлангийн дөрөвдүгээр бүлэгт тус тус авч үзсэн.

ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнд үндэслэн хийж буй дүгнэлт, цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр өгч буй санал зөвлөмжийг тавдугаар бүлэгт оруулсан.

Захиалагч: Жендэрийн үндэсний хорооны ажлын алба

Гүйцэтгэгч: “Эм Эм Си Жи” ХХК

Үнэлгээ хийсэн он: 2021

Хуудас: 401