Мөрдөх алба: гадаадын зарим орны туршлага

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 2,629

Судалгааны товч

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад зохион байгууллалттай нууц далд аргаар үйлдэгддэг, шинэ төрлийн болон үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Гэтэл эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд одоогийн байгаа цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгууллалтын тогтолцоо хангалттай бус байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2012 онд Монгол Улсад зохион байгуулалттай онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгж болох УМБГ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх, Хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх тасаг байгуулсан.
Гэсэн хэдий боловч дэлхий нийтээр аюул заналхийлэл учруулж байгаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд болох мөнгө угаах, терроризм, мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүн худалдаалах, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг зэрэг нь нуугдмал хэлбэртэйгээр, улс орны хил хязгаарыг үл харгалзан үйлдэгдэж, аливаа соёл, нийгэм, хэл болон газар зүйн саад бэрхшээлийг давж, олон тооны оролцогчидтой байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь нилээдгүй хүндрэл бэрхшээлийг дагуулдаг байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн алба нь 2010 онд анх удаа ҮДЗБГХ-ийн аюулд үнэлгээ хийж, энэ нь “нийт хүн төрөлхтөнд нөлөөлөх аюул заналхийлэл” болсон байна гэж үзжээ.
Даяаршлын үр дүнд тээвэр, худалдаа, харилцаа холбоо сайжирсан нь гэмт этгээдүүдэд хууль бус үйл ажиллагаагаа хил давуулан хэрэгжүүлэх боломж, бололцоог олгосон байна. Жишээлбэл, ҮДЗБГХ-ийн бүлэглэлүүд нь хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байгааг далимдуулан цагаачлах гэж буй иргэдийг хууль бусаар хил гаргах, эсвэл мөнгө угаах гэмт хэргээр дамжуулан санхүүгийн тогтолцоог нурааж байдаг аюултай.Энэ төрлийн гэмт хэргээс олсон асар их ашиг орлого нь эдийн засгийг доголдуулах, авилгалаар дамжуулан сонгуулийг “худалдаж авснаар” ардчилалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. ҮДЗБГХ нь гэмт этгээдүүдэд үлэмж их ашиг орлого хураах боломж олгохын хирээр энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хор уршгийг дагуулж байдаг болно. Жил бүр ҮДЗБГХ-ийн бүлэглүүдийн гарт олон мянган хүн хар тамхины зуршил, галт зэвсэгийн хууль бус хэрэглээ, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоор эрүүл мэнд, амь насаа алдаж байна.
ҮДЗБГХ төр засаг, төрийн байгууламжуудад нэвчин орж, авилгалын хөрс суурийг бий болгож, бизнес, улс төрд шингэх чадвартай байдаг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд саад тотгор үзүүлж байдаг. ҮДЗБГХ “үндэстэн дамнасан” байдаг тул энэ төрлийн гэмт үйлдэл нь аль нэг улсын хил, хэл, соёлыг саадгүйгээр давж, гэмт хэргийн сүлжээг үүсгэх чадвартай байдаг онцлогтой юм. Зохион байгуулалттай гэмт хэрэг нь зогсонги байдалд оршин тогтнодоггүй бөгөөд шинэ гэмт хэргүүд бий болж, гэмт хэргийн сүлжээний харилцаа холбоо улам бүр нарийсаж, тухaй бүрт шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвар нь өндөр байдаг. ҮДЗБГХ нь хэл, соёл, нийгэм, газар зүйн хилийг даван үйлдэгдэж байдаг тул тууштай, олон улсын хүчин чармайлтыг хамарсан хариу арга хэмжээ авахыг шаарддаг байна.
Энэхүү үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн Монгол Улс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, үндэстэн дамнасан хууль бус худалдаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын эсрэг, авилгын эсрэг НҮБ-ын болон бусад олон улсын чанартай конвенциудад нэгдэн орж тэдгээрийн гишүүн орнуудын хүлээсэн үүргийг биелүүлэх шаардлагатай байна. Ийм учраас үндэстэн дамнасан зохион байгууллалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгцээ шаардлага ихэсэж байгаа түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг үндэслэлээр эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх цогц мөрдөн шалгах бүтцийг бий болгох нь зүйтэй гэж үзэж Мөрдөх албаны тухай хуулийн төслийг манай улсад боловсруулж байна. Мөрдөх алба байгуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох”-оор тусгасан, түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4-д “Монгол Улсын иргэнийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс хамгаалах орчин, нөхцөлийг сайжруулна” гэсэн заалт тусгасан.
Энэхүү лавлагаар бид Монгол Улсад мөрдөх алба гэсэн тусгай зохион байгуулалт, бүтэц бүхий алба бий болох нь хэр хэрэгцээ, шаардлага, түүнчлэн олон улсын болон дэлхийн бусад орнуудад үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлага өөрөөр хэлбэл, мөрдөх албаны төрөл бүрийн хувилбарыг харьцуулан гаргахыг зорьсон юм. Лавлагаанд 4 улсын мөрдөх албаны тухай ойлголт, бүтэц, зохион байгуулалт, мөрдөн шалгах гэмт хэргийн төрөл, эрх зүйн зохицуулалт зэргийг харьцуулсан ба түүнчлэн, Монгол Улсын мөрдөн шалгах ажиллагааны онцлог, эрх зүйн түүхэн хөгжлийг судалсан. Хавсралтаар нэмэлт 8 орны мөрдөх албаны төрийн аль байгууллагад харьяалдаг, ямар байгууллагад үйл ажиллагаагаа тайлагнадаг болон албан хаагчдын томилгоог шийдвэрлэх эрх бүхий субъектийн талаар товч судалгааг гаргасан болно.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 32