Онц байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан
- 2019-05-01
- Ц.Энхжин
- 2,786
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан. Мөн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх Хоёрдугаар бүлэгт тус үндсэн эрхүүдийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцахаар үүрэг хүлээсэн.
1992 оны Үндсэн хуульд ийнхүү хуульчилсны дараагаар 1995 онд “Онц байдлын тухай” хуулийг /цаашид “ОБтХ” гэх/[1] баталж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа билээ. Тус хуулиар онц байдал зарлах үндэслэл, журам, онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ, онц байдлыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрхийг тогтоож, онц байдал зарласантай холбогдсон бусад харилцааг зохицуулсан.
Түүнчлэн, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид “НҮБ” гэх/-д гишүүнээр элссэнээсээ хойш ИБУТЭТОУП, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт[2] зэрэг хүний эрхийн талаарх НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас баталсан Олон Улсын 30 гаруй гэрээнд нэгдэн орж, үүрэг хүлээсээр иржээ.
Энэ хүрээнд ИБУТЭТОУП-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын зургаа дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 15 дахь хэсэгт заасан “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Онц байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анхаарч үзэх” гэсэн зөвлөмжийн хүрээнд хийгдэх ажлыг “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу онц байдлын талаарх зохицуулалтын талаар нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль боловсруулах шаардлагатай эсэх талаар тандан судалгаа хийх” гэж тодорхойлсон байна.
Иймд дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн ОБтХ-д тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэхийг тодруулахыг зорилоо.
[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл (1996), №2
[2] Монгол Улсын Олон Улсын гэрээ, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1284?lawid=1284 хаягаас үзнэ үү.
Судалгаа хийсэн огноо: 2019
Хуудас: 64