Төрийн албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа эсэх, гадаадын зарим улсын эрх зүйн орчин, туршлага

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 1,961

Судалгааны товч

Ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд бүтцийн болон агуулгын шинэчлэл, өөрчлөлт орох хэрэгцээ шаардлага гарч ирсэн юм. Төрийн өмч давамгайлсан, төвлөрсөн удирдлагатай өмнөх нийгмийн үед нийгэм эдийн засаг, улс төр, төрийн захиргааны бүхий л шатанд архив, албан хэргийг хөтлөн явуулах, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хадгалах, ашиглах үйл ажиллагаа нь зуун хувь төрийн оролцоотой үйл ажиллагаа байсан гэж хэлж болно. Шилжилтийн нийгмийн үед архив, албан хэрэг хөтлөлтийн ажиллагаанд оролцогч субьектүүдийн төрөл, тэдгээрийн эрх үүрэг, үйл ажиллагааны хүрээ өөрчлөгдсөнтөй холбоотой Архивын тухай хууль2 болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэл хийгдэж ирсэн байх бөгөөд цаашид ч хийгдэх шаардлага байсаар байна.
Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн 2011 оны 3-р сарын 2-ны хуралдаанаас гарсан зөвлөмжид архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай холбогдолтой хууль тогтоомж, арга зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах тухай дурдаад мэдээлийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баталсан3 мэдээллийн сангийн аюулгүй байдлын бодлого боловсруулах, архивын баримтыг цахим хэлбэрт оруулах тухай тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулах тухай заасан. Үүнээс үзвэл архив, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт оруулах үйл ажиллагаа, түүний хэрэгжих нөхцөл одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ямар түвшинд тусгасныг судлах нь эрх зүйн орчинг цаашид боловсронгуй болгох ажиллагаанд чухал юм. Түүнчлэн шилжилтийн үеийн нөхцөл байдлаас үүссэн бодит үр дагавар, сургамж тэдгээрийг одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах боломж байгаа эсэхийг авч үзэх нь уг судалгааны үндсэн асуудал болох төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа эсэх талаар тодорхой санал дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм. Үүний тулд баримт бичгийг ангилах, шилжүүлэх, хадгалах, устгах зэрэг үндсэн процессын үйл ажиллагааны туршид иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангах, нууц хадгалах, хариуцлагын тогтолцоотой холбоотой зохицуулалтыг бусад улсуудын хууль, тогтоомж, практик туршлагатай харьцуулан авч үзэв. Судалгааг төрийн албан хэрэг хөтлөлтийн талаар тусгай хуультай улсууд болох АНУ, Япон, Солонгос, Их Британи болон тусгай хуульгүй ОХУ, ХБНГУ-ын онцлог зохицуулалтыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан дүгнэх аргаар гүйцэтгэсэн болно.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 74