Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалт

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 6,632

Судалгааны товч

Интернэт дэх аливаа мэдээллийг хүүхдийн сайн сайхны төлөө хязгаарлах, зохицуулах асуудал нь мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон улсын хэмжээнд баталгаажсан хүний суурь эрхийг хөндөж байдаг учраас тодорхой байдлаар зохицуулахад хүндрэлтэй асуудал юм. Үүний тодхон жишээ нь АНУ-ын цахим ертөнцөд хүүхдийг хамгаалах хүрээнд батлагдсан Холбооны холбогдох олон хууль тогтоомж нь АНУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан мэдээллийн эрх чөлөөг хангахгүй, ялангуяа насанд хүрэгчдийн эрхийг давхар боогдуулж байна гэсэн шалтгааны улмаас хүчингүй болсоноос харагдаж байна. Иймд мэдээллийн эрх чөлөөг хангах болон цахим орчинд хүүхдийг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тэнцвэртэй байдлаар үр дүнтэй авч хэрэгжүүлэх нь хүндрэлтэй асуудал юм. Үүнтэй холбоотой мэдээллийн эрх чөлөөг хангах нь маш чухалд тооцогддог зарим улс орон нь төрийн зохицуулалтаас илүүтэйгээр салбарын болон хамтын зохицуулалтыг хөхиүлэн дэмжих, мөн олон нийтийн дунд энэ талаарх ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг бага наснаас нь интернэтийн зүй зохистой хэрэглээнд сургах гэх мэт арга хэмжээг илүүтэй авч хэрэгжүүлдэг.
Түүнчлэн цахим орчинд байрлах хор хөнөөлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах ажил нь эцэг эхчүүд, хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгчид, хувийн хэвшлийнхэн болон хууль сахиулагчид гэх мэт олон оролцогчдын идэвхтэй үйл ажиллагаа, санаачлагын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжих боломжтой. Мөн цахим орчин дахь хууль бус агуулгыг таслан зогсоох нь олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр шийдвэрлэх асуудал тул үндсэндээ энэ асуудлыг шийдвэрлэхэд олон тооны арга хэмжээ авч хэрэгжүүлэх, олон талт оролцогчдыг хамруулах, мөн үндэсний төдийгүй олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлагатай байдаг онцлог асуудал юм.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 67