Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн ангилал ба ялын тохироо

  • 2005-06-21
  • Ц.Энхжин
  • 2,820

Судалгааны товч

Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх зорилгоор 2001 онд Эрүүгийн хуулийг баталсан бөгөөд уг хуулийг мөрдөж эхэлсэнээс хойш даруй 3 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Энэхүү хуулийг хэрэглэх явцад зарим хэм хэмжээг эргэж харах, өөрчлөх боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд эдгээрийг хэрхэн шийдвэрлэх нь эрүүгийн эрх зүйн өнөөгийн тулгамдсан асуудал болжээ. Энэхүү асуудалд ял шийтгэлийн тохирооны асуудал нэлээд байр суурийг эзэлж байгаа юм. Өнөөдөр “шүүх гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй ял оногдуулж байна, хүнд гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд болон хөрөнгө мөнгөтэй хүмүүс болон нийгмийн доод түвшний хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, тэдэнд шүүхээс оногдуулж буй ялын харьцаа харьцангуй байна, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна…” гэх мэт мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж, энэ асуудал нийгмийн сэтгэл зүйг эзэмджээ. Энэ байдал нь шүүхээс ял оногдуулж буй бодлоготой холбоотой юу, аль эсвэл хуулийн зохицуулалттай холбоотой юу гэдгийг судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм.

Судалгаа хийсэн огноо: 2005

Хуудас: 13