Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

  • 2021-12-26
  • Г.Дэлгэрбаяр
  • 703

“Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн хуралдаан өнөөдөр /2021.12.24/ боллоо.

Тус хуралдааны үйл ажиллагааг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран иргэдийг эрх зүйн хувьд чадавхижуулах, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах нөхцөлийг бий болгох, ингэснээр төрийн байгууллагыг хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллуулах, мэдлэг, чадвар олгох, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаа хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх үйлчилгээний сувгийн төрлийг олшруулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлснээр иргэд цаг хугацаа,  орон зайнаас үл хамааран хууль зүйн зөвлөгөө мэдээллийг шуурхай олж авах боломж бий болсон.

Цаашид бид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа илүү үр дүнтэй болгохын тулд байгууллага бүр иргэдэд эрх зүйн боловсрол, мэдлэг олгох чиглэлээр дор бүрнээ идэвхи, санаачлагатай байж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог улам сайжруулах шаардлагатай” гэдгийг онцоллоо.