Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчин: Бүртгэл, тусгай зөвшөөрөл, эзэмшил, татаасын асуудал
- 2013-06-21
- Ц.Энхжин
- 7,417
Судалгааны товч
Хэвлэл мэдээллийн салбар нь эмзэг салбар юм. Ингэж үзэхийн учир нь энд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэсэн Үндсэн хуульд заасан хүний суурь эрх хөндөгдөж байдагт оршдог. Үүнээс энэ салбарт төрийн оролцоо байх шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол ямар түвшинд байж болох тухайд ямар бодлого баримтлах асуудал урган гардаг.
Өөрөөр хэлбэл төр хэрхэн үндэсний аюулгүй байдлыг хангах, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон ургалч үзлийг дэмжих, улсын түүх, соёлын онцлогийг түгээх хүрээнд хэвлэл мэдээлийн үйл ажиллагааг зохицуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн хүрээнд баталгаажсан суурь эрхийг хангах тухай асуудал нь энэ судалгааны хүрээнд тодорхойлогдох юм. Хууль зүйн яамнаас Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төслийг боловсруулах хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, радио, телевизэд тусгай зөвшөөрөл олголтыг цэгцлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн төвлөрөл болон монополь байдлыг саармагжуулж, гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалт зэргийг оновчтой байдлаар тогтоох, нөгөө талаас төрөөс мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгах зорилгоор энэхүү судалгааг захиалсан юм.
Манай улсад өмнө нь эдгээр асуудлыг бүхэлд нь хамарсан цогц шинжтэй судалгааны ажил хийгдэж байгаагүй. Судалгаа нь хэвлэл мэдээллийн салбарын бүртгэл, тусгай зөвшөөрөл, эзэмшил, татаасын хүрээнд Монголын хууль эрх зүйн болон практикт тулгамдаж буй асуудлыг тодруулахын зэрэгцээ гадаад улсын туршлагыг харьцуулан судалсны үндсэн дээр засан сайжруулах арга замыг олоход хувь нэмэр оруулахад чиглэсэн юм.
Судалгаа хийсэн огноо: 2013
Хуудас: 94