Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, түүнтэй тэмцэх асуудал

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 6,200

Судалгааны товч

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг (цаашид ҮДЗБГХ гэх) нь дэлхий даяар энх тайван, хүний аюулгүй байдалд заналхийлж, хүний эрхийг зөрчин, улс орнуудын эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, иргэний хөгжлийг доройтуулж байна. ҮДЗБГХ нь мөнгө угаах, терроризм, мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг гэсэн төрөл бүрийн хэлбэрээр илэрч байдаг бөгөөд шинээр бий болсон зах зээлийн орон зайд дасан зохицож, гэмт хэргийн төрлүүдийг нэмэгдүүлж байдаг. Нуугдмал хэлбэртэйгээр, улс орны хил хязгаарыг үл харгалзан үйлдэгдэж, аливаа соёл, нийгэм, хэл болон газар зүйн саад бэрхшээлийг давж, олон тооны оролцогчидтой байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь нилээдгүй хүндрэл бэрхшээлийг дагуулдаг болно. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн алба нь 2010 онд анх удаа ҮДЗБГХ-ийн аюулд үнэлгээ хийж, энэ нь “нийт хүн төрөлхтөнд нөлөөлөх аюул заналхийлэл” болсон байна гэж үзжээ.
Даяаршлын үр дүнд тээвэр, худалдаа, харилцаа холбоо сайжирсан нь гэмт этгээдүүдэд хууль бус үйл ажиллагаагаа хил давуулан хэрэгжүүлэх боломж, бололцоог олгосон байна. Жишээлбэл, ҮДЗБГХ-ийн бүлэглэлүүд нь хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байгааг далимдуулан цагаачлах гэж буй иргэдийг хууль бусаар хил гаргах, эсвэл мөнгө угаах гэмт хэргээр дамжуулан санхүүгийн тогтолцоог нурааж байдаг аюултай. Энэ төрлийн гэмт хэргээс олсон асар их ашиг орлого нь эдийн засгийг доголдуулах, авлигаар дамжуулан сонгуулийг “худалдаж авснаар” ардчилалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. ҮДЗБГХ нь гэмт этгээдүүдэд үлэмж их ашиг орлого хураах боломж олгохын хирээр энгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хор уршгийг дагуулж байдаг болно. Жил бүр ҮДЗБГХ-ийн бүлэглэлүүдийн гарт олон мянган хүн хар тамхины зуршил, галт зэвсгийн хууль бус хэрэглээ, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоор эрүүл мэнд, амь насаа алдаж байна.
ҮДЗБГХ төр засаг, төрийн байгууламжуудад нэвчин орж, авлигалын хөрс суурийг бий болгож, бизнес, улс төрд шингэх чадвартай байдаг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд саад тотгор үзүүлж байдаг. ҮДЗБГХ “үндэстэн дамнасан” байдаг тул энэ төрлийн гэмт үйлдэл нь аль нэг улсын хил, хэл, соёлыг саадгүйгээр давж, гэмт хэргийн сүлжээг үүсгэх чадвартай байдаг онцлогтой юм. Зохион байгуулалттай гэмт хэрэг нь зогсонги байдалд оршин тогтнодоггүй бөгөөд шинэ гэмт хэргүүд бий болж, гэмт хэргийн сүлжээний харилцаа холбоо улам бүр нарийсаж, тухaй бүрд шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвар нь өндөр байдаг. ҮДЗБГХ нь хэл, соёл, нийгэм, газар зүйн хилийг даван үйлдэгдэж байдаг тул тууштай, олон улсын хүчин чармайлтыг хамарсан хариу арга хэмжээ авахыг шаарддаг байна.
Өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ҮДЗБГХ-ийн сөрөг үр дагавар болсон хүн худалдаалах гэмт хэрэг, мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулах, зэвсгийн наймаа, далайн дээрэм, терроризм, бизнес санхүүгийн төрлийн гэмт хэргүүд болон кибер гэмт хэргийн тухай олон тооны мэдээлэл цацагдаж байна. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал бол АНУ БНХАУ-ыг зохион байгуулалттайгаар кибер гэмт хэрэгт буруутгаж байгаа явдал бөгөөд Монгол Улсад мөнгө угаах хэргээр томоохон компани, албан тушаалтнууд нэр холбогдож байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат “Үндэсний шуудан сонин”-д өгсөн ярилцлагадаа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй 80 орчим сэжигтэй гүйлгээг илрүүлж, хууль сахиулах байгууллагуудаар шалгуулж байгаа тухай мэдээлсэн байна.13 Энэ нөхцөлд ҮДЗБГХ-ийн ерөнхий ойлголт, төрөл шинжийг нь тогтоох, Монгол Улсын ҮДЗБГХ-тэй тэмцэх эрх зүйн орчин, арга барил нь дэлхийн бусад улс орны сайн жишээтэй хэрхэн нийцэж байгааг АНУ, ОХУ, Канад улс, Бүгд Найрамдах Серби Улстай харьцуулан судалж сайн туршлагыг илрүүлэх зорилгыг энэхүү судалгаа агууллаа.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 51