Уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий тусгай сангийн эрх зүйн зохицуулалт
- 2013-06-21
- Ц.Энхжин
- 2,278
Судалгааны товч
Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг. Энэхүү үзэгдлийг тайлбарладаг хоёр үндсэн ойлголт байдаг нь “Баялгийн хараал” ба “Голланд өвчин” гэсэн хоёр ойлголт юм. Тэгвэл адилхан баялаг ихтэй орнуудын зарим нь ямар арга зам, хөшүүрэг, оновчтой тогтолцоо, удирдлага, менежмент ашиглан Голланд өвчин, Баялгийн хараал зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлж чадсан талаарх асуулт урган гарна. Байгалийн баялгаа ашиглан хөгжиж чадсан орнуудын амжилтын гол түлхүүр нь дэлхийн зах зээл үсрэнгүйгээр хөгжиж байгаа үед ашигт малтмалын нөөцийг зөвхөн ашиглахад гол анхаарлаа хандуулах бус, харин түүнээс орж ирэх ашгийг улс орны хөгжилд ашигтайгаар зориулах, хэт зарлага, зохимжгүй хэрэглээг хязгаарлаж, улс орны эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалан бэхжүүлэх, хойч үедээ нөөц бий болгон үлдээх шинэ арга хөшүүрэг, тогтолцоо бий болгон хэрэгжүүлсэн явдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялгийг ашиглахдаа үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын баталгааг хангахыг чухалчилж, улсынхаа урт хугацааны хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ нөөц бий болгон эдийн засгийн хөгжлийн оновчтой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх нэг үндсэн арга нь “Үндэсний баялгийн сан (Sovereign Wealth Fund) болж байгаа бөгөөд байгалийн баялгийн нөөц ихтэй 40 гаруй орон баялгийн сан байгуулан, уул уурхайн орлогыг үр ашигтай ашиглах хэрэгсэл болгон ажиллуулж байна. Монгол Улсад баялгийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход олон улсын сайн туршлага, жишиг зохицуулалтыг өөрийн орны өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай холбож, харьцуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэ зорилгын хүрээнд энэхүү “Уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий баялгийн сангийн эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгаагаагаар үндэсний баялгийн сангийн онолын асуудал, ерөнхий ойлголтууд, олон улсын чиг хандлагад тулгуурлан, гадаад улсуудын уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий баялгийн сангийн тогтолцоог харьцуулан судалж жишиг болохуйц туршлагыг илрүүлэх замаар дотоодын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Үндэсний баялгийн сангийн тухай ерөнхий ойлголтын хүрээнд баялгийн сангийн хөгжлийн түүхэн чиг хандлага, ангилал, төрөл, хэлбэрүүд, олон улсын байгууллагууд хэрхэн тодорхойлсон байдал, хөгжлийн цаашдын чиг хандлага зэргийг авч үзсэн ба уул уурхайн орлогоос эх үүсвэр бүхий баялгийн сангийн онцлогийг тодруулан судлав.
Олон улсын эрх зүйн орчны хүрээнд “Нийтээр зөвшөөрсөн зарчим ба практик буюу Сантьягогийн зарчим”-ыг авч үзэж, батлагдах үйл явц, учир шалтгааныг танадан, тус баримт бичгийн шинж чанар, ач холбогдол ба цаашдын чиг хандлагыг судлав. Уг баримт бичигт үндэсний баялгийн санг байгуулахтай холбогдсон 24 зарчим тусгагдсан бөгөөд улс орнууд сан байгуулахдаа үүнийг гол удирдлагаа болгодог байна.
Гадаад улсуудын уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий баялгийн сангийн тогтолцоог харьцуулан судалж, жишиг болохуйц туршлагыг илрүүлэх замаар дотоодын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор үндэсний баялгийн сангийн талаарх эрх зүйн ерөнхий зохицуулалтад зайлшгүй, нарийвчлан, тодорхой тусгах шаардлагатай сангийн үйл ажиллагаатай холбогдох үндсэн асуудлуудыг сонгон авч, уул уурхайгаас олох эх үүсвэр бүхий үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын хувьд сайн туршлага болохуйц 5 орны үндэсний баялгийн сангийн тогтолцоог харьцуулан дүн шинжилгээ хийж, улмаар Монгол Улс дахь уул уурхайн орлогоос эх үүсвэр бүхий тусгай сангуудын эрх зүйн орчны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тоймлон авч үзсэнээр, гадаад орнуудын сангуудтай харьцуулан, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга замыг тогтоон, санал зөвлөмж боловсруулсан болно.
Судалгаа хийсэн огноо: 2013
Хуудас: 92