Компани худалдан авах, өөрчлөн байгуулах үндсэн аргууд: гадаад орнуудын туршлага

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 7,078

Судалгааны товч

Улс орны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил байдаг ба компани нь хувийн хэвшлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Сүүлийн жилүүдэд манай улсад бизнесийн байгууллага тэр дундаа компани байгуулах нь түгээмэл болсон. Үүнтэй уялдаад манай улс Компанийн тухай хуулийн зохицуулалтыг сайжруулан 2011 онд “Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/”-ыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаат компанийг олноор байгуулж, хөрөнгийн биржийг хөгжүүлэх зорилгыг ч мөн төрийн зүгээс баримталж байна. Хэдийгээр манай улсад хөрөнгийн зах зээл дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах түвшинд хүрээгүй байгаа ч уул уурхайн болон бусад салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгох аргыг ашиглах хандлага нэмэгдэж байна. Иймд компани худалдан авах, нэгдэх /олон улсад M&A гэдэг/ гэх ойлголтыг авч үзэх нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү сэдэв нь манай улсад урьд өмнө нь судлагдаж байгаагүй шинэлэг сэдэв төдийгүй энэ судалгаа анхных нь болж байна. Түүнчлэн, уг сэдвээр Монгол хэл дээр ном, гарын авлага гараагүй, өнөөгийн практикт эрх зүйн зохицуулалт тодорхойгүй учир АНУ, Япон улсын туршлагыг өөрийн орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан судаллаа. Судалгааны эх сурвалжийн тухайд АНУ нь ихэвчлэн шүүхийн жишгээр, онолын түвшинд шийдвэрлэдэг учир Япон улсын Компанийн тухай хуулийг1 /2005 он/ голлох эх сурвалж болгон харьцуулан судалсан. Онолын хувьд Япон улс нь Европ загварын компанийн төрөлжсөн хуулийн тогтолцоо, АНУ дахь компани худалдан авах, өөрчлөн байгуулах аргуудыг хуульчилсан байдлаар тусгасан учир тус аргуудыг АНУ дахь үндсэн аргууд гэж ойлгоход ямар нэгэн төөрөгдөл үүсэхгүй юм.
Судалгааны бүтцийн хувьд Нэгдүгээр бүлэгт: компани худалдан авах үндсэн ойлголт болон АНУ, Япон улсын түүхэн нөхцөл байдал, компани худалдан авахтай холбоотой томоохон жишээг авч үзлээ. Хоёрдугаар бүлэгт: компани худалдан авах, өөрчлөн байгуулах үндсэн арга, хэлбэрийн талаар Япон улсын Компанийн тухай хуулийн зохицуулалтад тулгуурлан тайлбарласан. Гуравдугаар бүлэгт: өөрийн улсын эрх зүйн зохицуулалтын тухай өгүүлсэн бөгөөд Дөрөвдүгээр бүлэгт: компани худалдан авалтаас үүсдэг Монополь нэгдлүүд, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын талаар, Тавдугаар бүлэгт: Монгол, АНУ, Европ, Япон улсуудын эрх зүйн зохицуулалтын онцлогийг товч харьцуулан авч үзлээ. Судалгааны дүгнэлт хэсэгт компани худалдан авах, өөрчлөн байгуулах талаарх Япон улсын зохицуулалт, мөн АНУ-ын онолын ойлголтыг өөрийн орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан дүгнэсэн болно. Улмаар санал хэсэгт манай улсад ямар хэв загвар тохирох, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зохистой талаар авч үзлээ.
Судалгааны сэдэв нь нэлээд өргөн хүрээтэй учир компани худалдан авалтаас үүсэх татвар, бүртгэл зэрэг асуудлыг энэхүү судалгаагаар хөндөөгүй.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 53